Японы Осака хотод болж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээн өмнө нь Токиогийн Их дуулга нэртэй болдог байсан төдийгүй бага дэлхийн аварга гэгддэг байсан ч энэ жил Осакад зохиогдож байна.

Уг тэмцээнд 70 орны 421 жүдоч хүч үзэж байгаа бол манай улсаас эрэгтэй 13 тамирчин оролцож байна. Эхний өдрийн дараах байдлаар манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл, долдугаар байр эзэлсэн амжилтаар эхний гуравт эрэмбэлэгдэж байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-д ДАШТ-ий хошой медальт М.Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ П.Басхүү хүрэл медаль хүртээд байна.

М.Уранцэцэг эхний шатанд Японы бөх Сана Ёшидаг, дараа нь Португалийн Мариа Сидерот нарыг цэвэр, хагас шигшээд Солонгосын Кан Юү-Жеоныг мөн даралтаар ялсан ч аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөтэй Японы Фүна Тонакид ялагдан Гранд Слам ангиллаас зургаа дахь мөнгөн медалиа хүртэж байна.

Зураг: Mongolian Judo Association

Харин ОУХМ П.Басхүү эхний даваандаа Америкийн Коул Чандлерийг, хоёр дахь барилдаандаа Казахстаны Елдос Жумакановыг цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд Кыргызстаны Алмаз Алтинбек Уулуг, хэсгийн аваргын төлөө энэ оны дэлхийн дэд аварга Казахстаны Ерлан Серикжановыг буулгаж авсан байна. Гэвч хагас шигшээд дэлхийн аварга Ядоны Хифүми Абед ялагдаж, хүрэл медалийн төлөө Оросын Ислам Хаметовыг цэвэр ялж медалийн тавцанд зогссон юм.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам шагналт долдугаар байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан юм.