Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт 1131 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага хүлээн авч, шалган шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас найман ноцтой осол гарчээ.

Тухайлбал, БЗД-т T.Brevis маркийн автомашины жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүн гэмтээсэн, Багануур дүүрэгт H.Verna accent маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн Замын-Үүдэд 45 зорчигч сууж явсан зорчигч тээврийн автобус онхолдсон ноцтой осол гарч, албан хаагчид шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар ажиллаж байгаа юм.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөсөн, 25 нь мөргөлдөх хэлбэрээр, дөрөв нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.

Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хяналт шалгалт хийж байгаа ба энэ долоо хоногт 20 гаруй гэмт хэрэг, 27-н эрэн сурвалжлагдаж байсан этгээд болон тээврийн хэрэгслийг илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Түүнчлэн гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар жолоо барьсан зөрчил 12 хувиар буурчээ.