Ерөнхий сайд ОУВС-ийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзахдаа эдийн засгийн хүндрэлтэй үед Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байгааг онцоллоо. Харин М.Фурусава “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна” гэлээ.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн III шат амжилтай хэрэгжиж, дараагийн шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.

Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч бодит амьдралд нөлөөлөхгүй байна гэж шүүмжлэх иргэд олон байгаа юм. Ялангуяа сүүлийн гурван жил гаруй нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай гэж салбарынхан шаардах болсон.

Энэ асуудлыг Засгийн газар, ОУВС хамтран судалж шийдвэрлэх ага замуудыг тодорхойлно гэдгээ уулзалтын үеэр мэдэгджээ. Гэвч уул уурхай, түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэдгийг ОУВС-ийн дэд тэргүүн онцоллоо.

Өнгөрсөн сард Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг ОУВС-ийн хөтөлбөрийн дөрөв дах шатны үнэлгээг хийж, захирлуудын зөвлөлөөр оруулахаар болсон. Үнэлгээгээр манай улсын макро эдийн засаг эерэг гүйцэтгэлтэй гарч, зорьсон тоон үзүүлэлтүүддээ хүрсэн гэж мэдээлсэн юм.

Зураг: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР