ОУВС-ийн ажлын хэсэг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж байна. Тус ажлын хэсэг Лхагва гарагт Монгол банкны удирдлагуудтай уулзаж хөтөлбөрийн хэрэгжилт, инфляци, эдийн засгийн төлөв, банкны актив чанарын үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Ажлын хэсэг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллах юм. ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээг өнгөрсөн сарын 27-нд баталж, манай улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая долларын санхүүжилт олгожээ.

Улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэн авах боломж бүрдсэн байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 184.55 сая долларын санхүүжилт олгогдоод байна.