Монгол ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Улаанбаатарын өвлийн наадмын хүрээнд мөсөн сурын харвааны УАШТ явагдана.

Уг тэмцээнд улсын өнцөг булан бүрээс харваачид хүрэлцэн ирж оролцох бөгөөд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорих юм.  Монголын мөсөн сурын холбооноос жил бүр зохион байгуулдаг уг тэмцээн энэ жил тав дахь удаагаа зохиогдоно.

Тэмцээнд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нум, 120 граммаас дээш модон сумтай оролцох бөгөөд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдах гэнэ.

Цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багаас найман харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харван өрсөлдөх юм.

Тэмцээний бүртгэл маргааш дуусах ба харваачид 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa гэх фэйсбүүк хаягаар бүртгүүлэх боломжтой байна. Мөсөн харваан тэмцээнийг өвлийн наадамд ирсэн  иргэд, жуулчид үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой гэнэ.

Мөсөн сурын харваа нь үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бөгөөд уг тэмцээнээр мөсөн харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилготой байна.

Сонирхуулбал, өнгөрсөн жилийн сур харвааны төрөлд Хятад болон Оросын тамирчид цэц мэргэнээ сорьжээ.