Хүйтний улиралд гэр хороолол, үйлдвэр, машины яндангаас гарах утаа Улаанбаатарын агаарыг тамын хэмжээнд аваачдаг. Сүүлийн 10 гаруй жил бид өвөл хурдан дуусаж гамшгийн утаа арилахыг хүлээж суухаас өөрөөр олигтой ажил хийгээгүй, хувь тавилантайгаа эвлэрсээр суугаа юм.

Гэвч өвөл дууссан ч өнөөх гамшгийн агаарын бохирдол арилдаг гэвэл бас л худлаа юм. Учир нь нүдэнд харагдах манант утаа арилахаас тоосонцрын хэмжээ мөн л стандарт хэмжээнээс давсан хэвээр байгааг ҮСХ-ны судалгаанаас харж болно. Хэдийгээр агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бохирдуулагч бодисуудын нийлмэл боловч сөрөг нөлөөллийг ихэвчлэн РМ2.5 болон РМ10 тоосонцруудын агууламжаар тодорхойлдог.

Дээрх тоосонцрын хэмжээ хүйтний улиралд буюу 10-аас дөрөвдүгээр сар хүртэл хүлцэх хэмжээнээс дунджаар 8-12 дахин давсан байгаа нь сүүлийн найман жилийн дундаж үзүүлэлтээс тодорхойлогджээ. Мэдээж өвлийн ид сарууд болох 11-ээс нэг сард оргил цэгтээ хүрч манай улсын стандартаас 12 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 25 дахин их болдог.

Үүнээс үзэхэд нийслэлчүүд жилийн долоон сард нь стандартаас хэд дахин давсан нэн бохирдолтой агаараар амьсгалж өнгөрөөдөг гэсэн үг. Бас нэгэн жишээ дурдахад, Улаанбаатарын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж 2011 онд жилийн 365 хоногийн 237-д нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байсан бол өнгөрсөн оны байдлаар дээрх өдрүүдийн тоо 338 болж тасралтгүй өсжээ.

Үүнээс харахад хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ жилээс жилд өсөж нийслэлчүүд нарийн ширхэгт тоосонцрын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан агаараар амьсгалах өдрүүд ч мөн нэмэгдсээр байна. 

Мэдээж үүнд гэр хорооллын утаа хамгийн ихээр нөлөөлдөг ч бусад зүйлс үүнд дутахааргүй нөлөөлсөөр байна. Тухайлбал, дулааны улиралд агаарыг хамгийн их бохирдуулагч хүчин зүйлсийн нэг нь тээврийн хэрэгсэл. Хотын хэмжээнд 2017 онд 365.8 мянган тээврийн хэрэгсэл байгаа нь 2005 оноос тав дахин өсжээ. Цаашдаа энэ тоо өсөх хандлагатай бөгөөд тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын 10 гаруй хувийн эзэлдэг гэх судалгаа бий.

Мөн зах замбараагүй хотжилт буюу хүмүүсийн бөөгнөрөл, үүнийг дагасан хөрсний бохирдол ч энд яригдана. Хотын барилга байгууламж, суурин газрын талбай 2017 онд хотын нийт газар нутгийн 14.8 хувийг эзэлж байсан бол 2005 онд энэ нь  6.1 хувийг эзэлж байжээ.

Харин хотын цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт 2017 онд 11842.9 мянган м2 болсон нь 2005 оноос 20.9 хувиар л өссөн байна. Ногоон байгууламж  нь хотын агаарыг цэвэршүүлж, чийгшүүлж, шороо тоосжилт, утаа униарыг бууруулахаас гадна амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хотын экосистемийг зохицуулдаг өндөр ач холбогдолтой билээ.

Гэтэл нийслэлийн хүн ам, барилга байгууламж, тээврийн хэрэгслийн өсөлтийг  цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлттэй харьцуулахад хэд дахин өссөн нь судалгаанаас харагдаж байна.

Зураг: Time Magazine

Энэ мэтээр хот төлөвлөлт, зохион байгуулалтгүй байдал, ногоон байгууламж эко системээ хаягдуулснаас болж Улаанбаатар орчин үеийн хамгийн хаягдмал хотуудын нэг болоод байна. Зөвхөн агаарын бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэнд, хүүхдүүдэд ямар аймшигтай сөрөг нөлөөлөл гарч байгаа нь гадна дотны судалгаанаас маш тодорхой харагддаг тул энд дурдалгүй орхиё.

Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн ажлууд нь ч утаандаа замрах нь замарч, зарим нь бүр бизнес болон цэцэглээд ч амжсан. Харин одоогийн эрх баригчид энэ сарын нэгнээс эхлэн нийслэлд ахуйн зориулалтаар нүүрс оруулах, түлэхийг хориглож, оронд нь шахмал түлш, цахилгаан халаагуураар шийдэх төлөвлөгөө зохиогоод буй.

Ингэснээр өнөөгийн гамшиг болчихоод буй агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа юм. Үнэхээр энэ тогтоол 100 хувь биелж зорилтот түвшиндээ хүрсэн ч Улаанбаатарын утаа ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 6-12 дахин их байсаар байхыг ҮСХ-ны судалгаанд дурдсаныг энд мөн сийрүүлье.