ХХААХҮЯ-аас долдугаар сарын дөрвөнд өвөлжилтийн бэлтгэл хангах тогтоол баталж, аймаг нийслэлийн Засаг дарга болон холбогдох хүмүүст хүргүүлсэн юм.

Үүний дагуу өвөлжилтийн бэлтгэлийг өндөр түвшинд базаах, хэрэгжилтэд хяналт тавих үүднээс зургаан ажлын хэсэг байгуулж, энэ сарын 15 хүртэл 18 аймагт ажиллахаар боллоо.

Ажлын хэсгүүд орон нутгийн мах, хадлан тэжээл бэлтгэлийн явц, мал эмнэлгийн үйл ажиллагааны үр дүн, үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх, шинэ худаг барьж байгуулах ажлын гүйцэтгэл, ургац хураалтын нөхцөл байдал зэрэг олон чиглэлээр газар дээр нь хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх юм.

Одоогоор яамны албан тушаалтнаар удирдуулсан дөрвөн ажлын хэсэг байгуулагдаж, Дархан-Уул, Сэлэнгэ, баруун аймгууд, Хөвсгөл, Булган, Орхон, говийн аймгуудад тус тус ажиллахаар болжээ.

Ийнхүү ажлын хэсгийн орон нутагт ажилласан дүгнэлтэд үндэслэн ХАА-н салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хэдэн хувьтай хангагдаж байгааг 11-р сард Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн байна.

Сануулахад, өнгөрсөн долдугаар сарын эхний байдлаар нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байсан юм. Түүнчлэн энэ жил эрт цас орж, хүйтрэх төлөвтэй байгаагаас үүдэн өвөлжилт хүндэрч болзошгүйг албаныхан сануулж байна.