Гадаад харилцааны яам Өвөрмонголын Ардын засгийн газартай хамтран Монгол Өвөрмонголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019 арга хэмжээг Пүрэв гарагт Улаанбаатарт зохион байгууллаа. 

Форумын хүрээнд хоёр улсын ААН-үүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур, дулааны аргаар боловсруулсан мах худалдан авах чиглэлийн 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцлийг хийсэн байна.

Арга хэмжээнд нийт 300 гаруй албаныхан, ААН-ийн төлөөлөл оролцсон юм. Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь Өвөрмонголоор дамжин хийгддэг байна. Тиймээс энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм. 

Сонирхуулбал, манай улс нь Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байгаа юм.  

Мөн манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь нь Хятадад ногдож байна. Хоёр улсын Засгийн газар 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлсэн юм. Хятадаас манай улсад 1990-2017 онд 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна.