Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийг ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Конгрессын нэр бүхий гишүүд энэ сарын 26-нд гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй экспортлохоос гадна хоёр улсын хоорондох худалдаа нэмэгдэх юм.

Мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргаснаар нэг тэрбум долларын экспорт бий болж, 200 мянган малчин айл, хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болно гэж албаныхан үзэж байна.

Сануулахад, ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сард Америкийн ерөнхийлөгч Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүссэн юм.

Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар Конгресстэй уулзалт хийсэн байдаг. Харин Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг “дэмжинэ” гэх амлалтыг өгсөн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл,

Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн бариад буй гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг (Төслийг үзэх) ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж, төслийг санаачлагчдад талархлаа илэрхийлж байна. Америкийн хоёр голлох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын төлөөлөл Конгрессын гишүүд Тэд Йохо, Дайна Тайтус, Дон Янг, Марк Медоус, Брайан Фитцпатрик, Элиз Стефаник, Жаред Полис, Дэвид Прайс, Виллиам Кийтинг, Двайт Эванс нар нь Монгол улсыг дэмжигч Америкийн улс төрийн дэмжлэгийг илтгэж байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын Танхим уг хуулийн төслийг дэмжин батална гэдэгт найдаж байна.

Монгол улс гадаад бодлогодоо эрх тэгш байдал болон ашиг сонирхлоо харилцан хүндлэх зарчмуудыг тууштай баримталж ирсэн юм. Монгол-Америкийн харилцааг цаашид улам бүр эрчимжүүлэхэд чухал ач холбогдол бүхий уг хуулийн төсөл нь хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал болон ардчиллыг бэхжүүлж буйн илрэл болох юм.

Өнгөрсөн онд Монгол улс, Америк хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хэдийгээр Монгол улсын газар нутаг Орос, Хятадтай хиллэдэг боловч бид Америкийн “гуравдагч хөрш” хэмээн үздэг билээ.

2012 онд хоёр улс нийт 707 сая долларын худалдаа хийж шинэ амжилтыг тогтоож байсан бол 2017 онд Монгол улс тус улс руу ердөө 9.4 сая долларын экспорт хийж, 82.2 сая долларын бараа бүтээгдэхүүнийг импортолжээ. Энэ нь Америкийн импорт, Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.

Монгол улс 2003 оноос хойш Ирак, Афганистан дахь Америкийн хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. Энэ нь бидний ардчилал, хуульт ёс, хүний эрх, хүчирхэг чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх тууштай байр суурийг илтгэж байна.

Ямааны ноолуурын экспорт Монгол улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.

2017 онд Монгол улс нийт 9,400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1,100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8,300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь Хятад руу экспортолсон байна. Америкийн ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадаас худалдан авдаг. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкт татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм.

Монгол улсын оёдлын болон сүлжмэлийн салбарыг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэднийг чадавхжуулахад чухал дэмжлэг болох юм. Оёдлын болон сүлжмэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэзээд өндөр байж ирсэн бөгөөд тус салбар нь монгол эмэгтэйчүүдийг аюулгүй, тогтвортой ажлын байраар хангасаар ирсэн билээ.