Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 25, 26-нд Америкт болсон Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд оролцсон юм.

Тэрээр энэ үеэрээ Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, Конгрессын гишүүн Дина Тайтус, Тед Ёохо нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Зураг: Гадаад харилцааны яам

Конгрессын гишүүд манай улсыг Америкийн чухал түнш гээд, оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх тухай Mongolia Third Neighbor Trade Act хуулийн төслийг ойрын хугацаанд Конгресст өргөн барина гэжээ.

Энэхүү ажил хэрэгжсэнээр нэг тэрбум долларын экспорт бий болж, 200 мянган малчин айл, хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болох юм.

Харин Д.Цогтбаатар “Энэхүү хуулийн төсөл нь Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно” гэжээ.

Сануулахад, ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сард Америкийн ерөнхийлөгч Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүссэн юм.

Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар Конгресстэй уулзалт хийсэн байдаг. Харин Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй оруулах асуудлыг “дэмжинэ” гэх амлалтыг өгсөн юм.