Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү тэрээр залуучуудын олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.

Т.Оюун-Эрдэнэ таван барилдаан хийсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг цэвэр ялж, Румыний Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч Хятадын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан юм.

Улмаар хүрэл медалийн төлөө энэ жилийн өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг 15:4 харьцаатайгаар ялжээ.

Манай улс залуучуудын наадмаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

Залуучуудын наадамд манай улсын 11 тамирчин чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож байгаа юм.