Их, дээд сургуулийн оюутны нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар смарт карт компаниас мэдээлэл хийлээ.

Энэ хичээлийн жилд нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр 26-30-нд хүлээн авч байгаа юм.

Харин сургуулиуд наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын тавны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг Боловсролын газарт ирүүлэх ёстой ба есдүгээр сарын зургаанаас олгож эхлэх гэнэ.

Мөн өмнө жилүүдэд картын сунгалтыг 9-12 сарын хооронд хийдэг байсан бол энэ жил 9-6 сар хүртэл хийх ба сунгалт хийлгэх гэж буй оюутнууд карт, сургалтын төлбөр төлсөн баримтаа авчрах ёстой байна.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог бөгөөд энэ хичээлийн жилд 14194 оюутанд карт олгохоор төлөвлөсөн юм. 

Өнгөрсөн жил төрийн болон хувийн их дээд сургуулийн 108970 гаруй оюутан хөнгөлөлттэй зорчих карт захиалсан байна.