Засгийн газар, Оюутолгойн компани эрчим хүчний зохицуулалтын тухай гэрээг баталгаажууллаа. Гэрээнд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Оюутолгойн ТУЗ-ын дарга Г.Батсүх нар гарын үсэг зурсан байна.

“Хоёр талаасаа хүчин чармайлт гаргавал энэ гэрээ харилцан үр ашигтай. Манай улсын хамгийн том цахилгааны хэрэглэгч Оюутолгойг дотоос эрчим хүчээр хангаснаар эрчим хүчний импорт буурч, эдийн засагт үр өгөөж өгнө” гэж Ц.Даваасүрэн хэллээ.

Засгийн газраас 2019 онд Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангахаар болсон юм. Энэ хүрээнд уг гэрээг байгуулсан бөгөөд 2023 оноос Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар Оюутолгойн эрчим хүчний гэрээний заалт бүрэн хэрэгжих гэнэ.

Ингэснээр манай улс дотоодоос эрчим хүчээ бүрэн хангах боломжтой болох бөгөөд Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа тогтмолжино гэдгийг талууд онцоллоо.

Дашрамд дурдахад, Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах үүднээс 2019 онд Эрдэнэтэд 40 Мвт, Чойлбалсан 50 Мвт-ын цахилгаан станц баригдахаас гадна, Амгалан дулааны станцыг өргөтгөж 50 Мвт-ын цахилгаан үйлдвэрлэдэг болгох, ТЭЦ III-г 75 Мвт-р өргөтгөх, ТЭЦ-IV-т шинэчлэл зэрэг ажлууд хийгдэх юм.