Эдийн засгийн байнгын хороогоор Оюутолгойн ордын ашиглалтад Монголын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн гэрээг сайжруулж, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ боловсруулахыг даалгасан байна. 

Мөн байгаль орчин болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хангуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдүгээр зүйлийн нэг дэх заалтаас “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах санал гаргасан байна. 

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэж өөрчлөх санал гаргажээ. 

Ийнхүү хуралдааны төгсгөлд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.