Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Оюутолгой, Рио Тинтотой олон удаагийн яриа хэлэлцээ хийсэн байна. Үүний дүнд Монголын ашиг хүртэх хугацааг наашлуулах, эдийн засгийн дарамтыг бууруулах зэрэг таван үндсэн зарчмаар тохиролцжээ.

Улмаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсон байна. Манай улсын эзэмшиж буй 34 хувь нь хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг бөгөөд санхүүжилтийн гэрээ нь өндөр хүүтэй байсан гэнэ. Тэгвэл энэ хүүг бууруулахаар тохиролцсон байна.

Мөн маргаантай байгаа Тавантолгой болон Оюутолгойд цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэж, Тавантолгойд барихаар болжээ.

Сонирхуулбал, Оюу толгой компани жилдээ 150 сая орчим долларын эрчим хүч гадаадаас импортолж авдаг байна. Тиймээс Засгийн газрын зүгээс цахилгаан станц барьж, эрчим хүчээ дотоодоосоо хангах чиглэл өгсөн юм.