Оюутолгойн гэрээг цуцлах асуудал өнгөрсөн хаврын чуулганаар нэлээдгүй яригдсан юм. Улмаар Засгийн газар тавдугаар сард Оюутолгойн орд ашиглах гэрээний хэрэгжилтийг шалгах санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг сонгож, бүрэлдхүүнд өөрчлөлт оруулсан юм.

Уг ажлын хэсэг зуны турш ажиллаж, Оюутолгойн гэрээ материалтай танилцсаны дүнд 262 хуудас бүхий дүгнэлт гаргасан байна.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас тодруулахад, “Оюутолгойн гэрээнд хийсэн ажлын хэсгийн шалгалтаар зөрчлүүд илэрсэн. Засаж залруулах, эргэж ярилцах олон асуудал байгаа учир эцсийн санал дүгнэлт гарахаас өмнө тодорхой мэдээлэл хийх боломжгүй” гэлээ.

Харин ажлын хэсгийн гишүүд шалгалтын дүгнэлтээ нэгтгэн ойрын хугацаанд байнгын хороо болон УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Сануулахад, гуравдугаар сарын 22-нд МАХН болон МНН, ИЗНН, МҮАН хамтран РиоТинто корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлүүдийг зарлаж, эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн юм.

Зураг: Vip76