Оюутолгойд 150 сая долларын татварын акт тавьсныг Рио Тинто хүлээн зөвшөөрөөгүй тул тэд Арбитрын шүүхэд хандах магадлалтай гэж Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар мэдээллээ.

Татварын ерөнхий газар 2013-2015 онд явуулсан аудитын шалгалтад үндэслэн 25 чиглэлд 150 сая долларын татвар оногдуулсан юм.

Үүнээс 10 сая долларыг нь төлнө, харин 21 чиглэлээр оногдуулсан татварыг хууль бус гэж Рио Тинто үзэн төлөхөөс татгалзсан учир маргаан анх үүссэн юм.

Талууд ажлын 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Арбитр руу очих зохицуулалттай гэдгийг улс төрийн хүрээнээс мэдэгдэж байгаа юм.

“Монголын төр Рио Тинто шиг том групптэй Арбирт очсон туршлага байхгүй. Рио Тинто 150 жилийн түүхтэй компани. Тэгэхээр бид асуудалд асар нухацтай хандах хэрэгтэй” гэж ТУЗ-ийн гишүүн  Б.Мөнхбаатар хэллээ.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Манайх арбитрийн шүүхэд очихоос айхгүй” хэмээн хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн удаатай.

Үүсээд буй маргаанаас хоёрыг нь жишээ татахад, Монголын талын эзэмшдэг 34 хувийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд давхар татвар авах, гадаад харьяалалтай иргэн Монголын нутаг дэвсгэрээс олсон орлогоосоо 20 хувийн татвар төлөх хуультай. Үүнийг гэрээний дагуу ашиглалтын 30 жилээр бодоход 3,1 тэрбум доллар бөгөөд жилд 100 сая буюу 240 тэрбум төгрөг болж байгаа аж. Гэвч тус компани энэ мөнгийг төлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Оюутолгой компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдлоо.

Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар экс Ерөнхий сайд нар хоригдож, татварын маргаанаар олон улсын Арбитрын шүүхт очих магадлал үүссэн, Рио тинтотой хийсэн гэрээг цуцлана, цуцлахгүй гэж улс төрчид талцан маргасаар нэг хэсэгтээ Оюутолгойн асуудал намжих шинжгүй нь...