Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа ба Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Озоны цоорхой 2000 оноос хойш 10 жил тутамд нэгээс гурван хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоосон юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем зэрэгт ашигладаг хлортфторт нүүрстөрөгч болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон байна.

Иймд хариу арга хэмжээ авахын тулд  дэлхийн улсууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж баталсан бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү протоколын хүрээнд улс, орнууд дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж буй озон задлах бодис болон хүлэмжийн хийн хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон байна.

Үүний дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060 он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм.

Манай улс 1996 онд озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон байна.

Озоны давхаргыг хамгаалах чиглэлийн хүрээнд манай улс 2010 оноос хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн зогсоосон  ба 2011 оноос гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж байна.