Жакарта-2018 Азийн зуны спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд аваргын төлөө П.Орхон 11:0-р өрсөлдөгчөө илт давуу буулган авснаар алтан медаль хүртлээ.

Тэрээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд Парис-2017 ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялсан байна.

П.Орхон нь ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит Алтан Гранпригийн гурав, “Mongolia Open” олон улсын тэмцээний дөрвөн удаагийн аварга Алдар спорт хорооны тамирчин юм.

Мөн Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 23 хүртэлх насны 57 кг-ын жинд А.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бол 53 кг-ын жинд Э.Сумъяа хүрэл медаль авсан байна.  

А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг 13:2 оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга Хятадын Пей Шинруд 1:4-өөр ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн хошой хүрэл медальт,Солонгосын Ум Жи Уныг 5:2-оор ялсан байна.

Харин Э.Сумъяа Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны Жулдиз Эшимовад 11:12-оор ялагджээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын Ли Шин Хиг цэвэр ялсан байна.

Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр алтан медаль хүртэж салхийг хагалсан бол эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн юм.