Пакистаны засгийн газар Жамму Кашмир мужийн статусыг өөрчлөх асуудлаас болж Энэтхэгтэй дипломат харилцаагаа бууруулж худалдаагаа зогсоон, агаарын хилээ хаалаа.

Мөн Энэтхэгийн комиссарыг Пакистанаас гаргаж өөрсдийн элчин сайдаа эргүүлэн татна гэдгийг Пакистаны гадаад хэргийн яам мэдэгдлээ. 

Үүнээс гадна энэ сарын 14-нд болох Пакистаны тусгаар тогтнолыг өдрийг Кашмирийн эр зоригт иргэд болон тэдний тусгаар байх эрхийн төлөө зориулна гэжээ. 

Энэтхэгийн парламент Мягмар гарагт Пакистантай эзэмшлийн маргаантай байдаг Кашмир мужийн өөрсдийн удирддаг хэсэг болох Жамму Кашмир мужийн статусыг өөрийн нэгдсэн бүс нутаг болгон өөрчлөх шийдвэр гаргасан юм.  Ингэснээр тус муж Шинэ Дели хотын удирдлагад очих ба Энэтхэгийн иргэд тус мужид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, ажилд орох, тэтгэлэг авах эрхтэй болох гэнэ. 

Пакистаны тал үүнийг хууль бус шийдвэр гэж үзэн НҮБ-д гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн ба армиа бэлэн байдал байхыг сануулжээ. 

Энэтхэг, Пакистан улсууд Кашмир мужийг өөрсдийн эзэмшил гэж үздэг бөгөөд хоёр хувааж хяналтаа тогтоожээ. Тус муж нь 70 гаруй жилийн турш хоёр орны маргааны бүс байсаар ирсэн ба дэлхийн хамгийн аюултай газруудын нэгт тооцогддог байна.. 

Эх сурвалж: CNN, Times of india