Францын засгийн газар Парисын дарь эхийн сүмийн сэргээн босголтод залуусыг дайчлах гэнэ. Тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр парламентын гишүүд, Парис хотын дарга, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал нарыг хүлээн авч уулзлаа.

Сэргээн босголтод дэлхий даяар 100 чулуун барималч, 150 мужаан, 200 дээвэрчин сонгон шалгаруулах юм. Гэвч чадварлаг залуу ажилчид дутмаг байгаа тул энэ чиглэлд залуусыг сургах талаар уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

Дэлхий даяар олон хүн, албан байгууллагууд сүмийн сэргээн босголтод туслах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд өчигдрийн байдлаар уг ажилд 960 сая долларын хандив цугларчээ.

Францын ерөнхий сайд Эдуард Флиппе сүмийн оройг дахин барих ажилд зориулан олон улсын архитекторчдын тэмцээн зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Сүмийн үйл ажиллагааг 5-6 жил хаах бөгөөд сүмээс гаргасан уран зураг болон бусад бүтээлүүдийг Луйврын музейд тавихаар болжээ.

Даваа гарагт гарсан түймрийн улмаас сүмийн орой, дээврийн хэсгийн гуравны хоёр нь сүйдсэн юм. Дарь эхийн сүм нь 12-р зууны дунд үеэс эхлэн 200 жилийн турш баригдсан бөгөөд галд өртсөн 93 метр оройг 19-р зуунд нэмж барьсан байна.

Эх сурвалж: The Guardian, NHK