Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны эхний Их дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотноо энэ сарын 9-10-нд боллоо.

Бага дэлхийн аварга гэгдэн дэлхийн чансаа олгодог уг тэмцээнд 97 орны эрэгтэй 572 жүдоч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс манай улсын 21 жүдоч зодоглосон юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн хөнгөн, хагас хүнд жингийн барилдаанууд явагдаж, 60 кг-д барилдсан МУГТ Д.Амартүвшин хүрэл, -73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.

Д.Амартүвшин эхний барилдаандаа Алжирын Салим Рабахиг вазаригаар, дараа нь эзэн орны Жолан Флоримонтыг, хэсгийн аваргын төлөө Израйлын Даниэль Бен Давидыг торгуулиар ялсан байна. Харин хагас шигшээд дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовд цэвэр ялагдаж, хүрлийн төлөө Недерландын Торнике Цжакадоег торгуулиар ялсан байна.

Зураг: Mongolian Judo Association

Харин ОУХМ Ц.Цогтбаатар Буркина-Пасогийн Лукас Диаллог цэвэр, Молдавын Виктор Стерпуг вазаригаар, Израйлын Тохар Бутбулыг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө олимпын хошой медальт Гүржийн Лаша Шавдатуашвилиг буулган авч, хагас шигшээд Косовогийн Акил Гжаковог ялснаар аваргын төлөө хүч үзэхээр болсон юм. Улмаар аваргын төлөө тэрбээр дэлхийн аварга Японы Сойчи Хашимотод ялагдсанаар мөнгөн медалиа хүртлээ.

Мөн манай жүдочдоос -48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, -52 кг-д МУГТ М.Уранцэцэг, -57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн нар тавдугаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.

Дашрамд дурдахад, энэхүү их дуулга нийт 150 мянган долларын шагналын сантай бөгөөд тэмцээнд түрүүлсэн жүдоч таван мянган доллар, дэлхийн чансааны 1000 оноо, мөнгөн медаль гурван мянган доллар 700 оноо, хүрэл медаль 1500 доллар 500 оноогоор чансаагаа ахиулж буй юм.