Дэлхийн шилдэг 500 компанийн нэг болох Пепси компанийн гүйцэтгэх захирал Индра Нуйи ирэх 10 сарын гурванд албан тушаалаасаа огцрох гэнэ.

Гэвч тэрээр ирэх он эхэн хүртэл захиралуудын зөвлөлийн даргын албаа хаших юм байна.
Компанийн шинэ гүйцэтгэх захиралаар олон улсын худалдааны дарга Рамон Лагуарта ажиллах юм.  

Энэ жил 62 настай Энэтхэг гаралтай хатагтай Нуйи Пепсиг дэлхийн шилдэг хүнс үйлдвэрлэгч компани болоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.  Түүний удирдлаган дорх 12 жилийн хугацаанд Пепси компани илүү байгальд ээлтэй болж борлуулалт нь 80 хувиар нэмэгдсэн байна.

Жилийн өмнө дэлхийн шилдэг 500 компаний 32-ыг нь эмэгтэй хүн удирдаж байсан бол Нуйи огцорсноор 24 эмэгтэй захирал үлдэж байгаа юм. Өнгөрсөн оны дунд үеэс Yahoo компаний гүйцэтгэх захирал Марисса Маерат, MDLZ-ийн Айрен Росенфелд, HPE-ын Мэг Уитмен нар ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Индра Нуйи тус компанид 24 жил ажилласан бөгөөд гүйцэтгэх захирал болохоосоо өмнө буюу 2001 онд Америкийн Куакер Оатс компанийг худалдан авахад гол нөлөө үзүүлжээ.
Мөн тэр өнгөрсөн гурван жилд 87 сая долларын орлого олсон байна.

Пепси компанийн хувьцаа сүүлийн жилүүдэд Кока Кола компаниас болж буурсан ба өнгөрсөн жил хувьцаа нь 1,8 хувиар унасан байна.

Америкчууд чихэрлэг хийжүүлсэн ундаанаас татгалзаж эхэлснээр хоёр компанийн борлуулалт буурч байгаа юм. Пепсигийн хөрөнгө оруулагч Нельсон Пелц 2014 онд хөнгөн зуушны бизнесийг тусад нь гаргахыг оролдсон ч Нуйи үүнийг хүчтэй эсэргүүцжээ.

Энэ нь ч зөв шийдвэр байсныг дижитал судалгааны Глобал дата компаний захирал Нил Саундерс хэлсэн байна. Тэрээр, “Нуйи 12 жилийн өмнө хүлээж авснаасаа хүчирхэг компанийг хүлээлгэн өгч байна. Энэ нь түүний хөнгөн зуушны бизнесийг хөгжүүлсний үр дүн юм. Пепси компани олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир цаашид алзахгүй” гэжээ.

Нуйи компанийг хийжүүлсэн ундаанаас илүү эрүүл хоол хүнс, хөнгөн зуушны салбарт чиглүүлэхийг эрмэлздэг юм. Иймээс тэр бүтээгдэхүүнийг калори ихтэй болон багатай
ундаа, хөнгөн зууш, шарсан биш жигнэсэн чипс, овьёосны бүтээгдэхүүн, смуди зэргээр эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр нь ангилсан байна.  

Компани анх 2010 онд эрүүл бүтээгдэхүүн худалдаагаа 2020 он гэхэд 30 тэрбум долларт хүргэх зорилго тавьжээ.

Харин 2016 онд зорилгоо өргөжүүлж 2025 он гэхэд эрүүл хүнсний борлуулалтыг хийжүүлсэн ундаа, хөнгөн зуушныхаас давуулахаар ажиллаж байгаа юм.

Энэтхэгийн дундаж амьдралтай гэр бүлд өссөн Нуйи хэзээ ч ийм том компанийг удирдана гэж төсөөлж байгаагүй гэжээ. Түүнийг бага байхад ээж нь оройн хоолны үеэр хэрэв ерөнхий сайд, удирдагч байсан бол юу хийх вэ гэж асуудаг байсан аж. Ингээд ээж нь түүний эгч, Нуйи хоёрын хэн сайн ярьсанд нь санал өгдөг байжээ.

Эх сурвалж: BBC, NY Times