МХЕГ-аас Сүхбаатар, Дорнод аймагт байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 72 ААН-д хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар нийт 1682 зөрчил илэрсэн ба 17 ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн улсын орлогод 452.2 сая төгрөг төвлөрүүлж, 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөр тавьсан байна. 

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-д илэрсэн нийтлэг зөрчил:

  • Ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосон, 
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй,
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй,
  • Гэрээт ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй
  • Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй, 
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг юм.

Эдгээр зөрчлийн томоохон жишээг дурдвал Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Петрочайна Дачин тамсаг компанид нэг тэрбум төгрөгийн арга хэмжээ авчээ. Тус компани нь хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг Хятадын Банк оф Чайна-гаар дамжуулсан, санхүүгийн тайлан ил тод байдлыг хангаж ажилллаагүй зэрэг томоохон зөрчилтэй байсан юм.

Мөн хөрс элэгдэх, доройтохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулаагүй зэрэг зөрчилд нийт 700 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон байна.

Үүнээс гадна Дорнод, Сүхбаатар аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй жонш, нүүрс, алтны уурхай цөөнгүй байдаг. Эдгээр ААН нь батлагдсан ТЭЗҮ-гүй, хугацаа нь дууссан химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт хийсэн ч хангалтгүй, стандартын дагуу хийж гүйцэтгэдэггүй байна.

Иймд хоёр аймгийн хэмжээнд нийт 1.8 тэрбум төгрөгийн зөрчил ирлүүлж, торгууль ноогдуулсан ба барагдуулалт 50 орчим хувьтай байгаа гэнэ.