Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, УЕПГ-ын сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас  нь чөлөөлжээ.

Прокурор П.Эрдэнэбатыг Авлигатай тэмцэх газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа ба түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа юм.

Хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

П.Эрдэнэбат нь прокурорууд дундаа толгой цохих хөрөнгөтэй ба 2017 онд АТГ-т 4.8  тэрбум гаруй төгрөгийн  байр сууц, машин, үнэт эдлэл, мал хөрөнгөтэй, 182 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас дөрвөн тэрбумын авлагатай гэж ХОМ-тээ мэдүүлжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 28-нд зарлиг гаргаж, ерөнхий прокурор М.Энх-Амгалан, прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг албан ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Жаргалсайханыг томилжээ.

Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.