ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олгодог нэн хөнгөлөлттэй зээлийг ямар ч шалгуургүйгээр өөрийн компани болон хамаарал бүхий хүмүүс нь авсан УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтнуудын нэр ил болсон юм.

Улмаар эдгээр хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч улс төрийн сөрөг хүчин, иргэд УИХ-ын гишүүд шаардаад байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраасЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун нар уг сангаас зээл авсан болох нь баримтаар нотлогдоод байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Учралын аав, барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нар уг сангаас тус бүр 950 сая төгрөгийн зээл авсан гэж АН мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгчийн гаргасан УИХ өөрөө тараах тухай бичигт 75 гишүүний 50 орчим нь уг сангаас зээл авсан гэжээ.

ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олгодог хөнгөлөлттэй зээл нь таван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээс гадна эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Зээл авсан гишүүд:

  • ЗТХЯ-ны сайд Я.Содбаатарын эзэмшлийн Эпота Анарваан компани 1.2 тэрбум,

  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн эхнэрийн Тээвэр ачлал компани 1.4 тэрбум,

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Дорнод гурил компани 950 сая,

  • УИХ-ын гишүүн Г.Солтаны Монгол шаазан компани 950 сая,

  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Газар буудай компани 950 сая,

  • УИХ-ын гишүүн Н.Учралын аавын Хүннү компани 950 сая

  • Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн Нүүдэлчин агро компани 950 сая

  • Монгол улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын Цэн стайл компани 950 сая төгрөгийн зээл авчээ.