Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд төлбөрийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдлаа. 

Тус системийг энэ сарын 14-15-нд шилжих шөнө буюу 15-ны 00:00–02:30 цагийн хооронд нэвтрүүлэх тул энэ  хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй болохыг Монголбанкнаас мэдэгдлээ.

Дээрх хугацаанд банкуудын интернет болон мобайл банк зэрэг цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогсох юм. Харин Монголбанк болон банкуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, ААН-үүд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой.

АСН+ системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ, шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломж нээгдэнэ. 

Мөн ААН байгууллагад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэлгүй болох зэргээр олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшил гарах юм.

Түүнчлэн АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломжтой. Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасаж, харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх давуу тал бий болно.