Хоёрхон хоногийн дараа Оросын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Урьдчилсан санал хураалтаар Путин илт давуу байсан нь түүнийг энэ сонгуульд дахин ялна гэх таамаглалыг бататгаад байна.

Тэгвэл Путиний ээлжит ялалт Монгол хэрхэн нөлөөлөх, хэрэв ялагдвал манай улсын гадаад харилцаа, улс төр яаж өөрчлөгдөх тухай Орос судлаач, ШУА-ын олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Ph.D А.Нямдолжинтой ярилцлаа.

Путин ялах нь тодорхой гэж олон улсын төдийгүй манай улсын судлаач, шинжээчид үзэж байна. Та тэдэнтэй санал нэг байна уу?

Путин ялах нь тодорхой. Урьдчилсан санал асуулгаар 71.9 хувийн санал авсан. Орост хурал цуглаанд оролцож байхад судлаач нар нь ч гэсэн Путин ялнаа л гэж байна лээ. Яахав өрсөлдөгчид байгаа л даа. Путин, Жириновский, Собчак, Явлинский, Грудинин зэрэг найман хүн өрсөлдөж байна.

Собчакийг Путиний талд санал хуваах гэж өрсөлдөж байгаа гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна. Үүнтэй санал нийлж байна уу?

Яахав аав нь Путиний талын хүн байсан. Өөрөө телевизийн шоуны хөтлөгч. Ер нь Орос сонгуулийн ирцээ нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд ирц муудсан. Тэгэхээр Навальныйг төлөөлүүлэх маягаар Собчакийг өрсөлдүүлж байгаа болов уу? Залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцуулах гэсэн санаа байж магадгүй. Түүнээс Путиний талд санал хуваана гэсэн зүйл байхгүй. Путин бол Оросдоо байтугай дэлхийд нэр хүндтэй удирдагч шүү дээ.

Путинийг дэлхий дахинд янз бүрээр тодорхойлж, ярьцгаадаг. Гэтэл яагаад түүний нэр хүнд одоог хүртэл өндөр байгаа юм бэ?

-Путин Оросыг хөл дээр нь босгосон-

Борис Ельцин 1999 онд Путинийг өөрийнхөө дараагийн хүн гэдгийг зарласан. Тэгээд 2000 оны сонгуульд Путин 59 хувийн саналаар ялалт байгуулсан. Путиний сонгогдсон үеийн Оросын нийгэм, эдийн засгийн байдал их хүнд, тэдний хувьд бүх зүйл шинэ байсан. ЗХУ задраад уначихсан, системийн хямрал үүссэн. Тэтгэвэр цалин тавьж чадахгүй байх бол энгийн үзэгдэл байсан. Тэгээд л хээл хахууль, гэмт хэрэг, архидалт, ядуурал гээд нэлээн хэцүү байсан. Харин Путин сонгогдоод гурван жилийн дотор Оросын эдийн засгийн өсөлтийг 38 хувьтай болгосон.

Гэхдээ барууны орнуудад Путин нэр хүнд муутай шүү дээ?

Путиний рейтинг баруунд муу байна гэж үзэж болохгүй л дээ. Яагаад гэвэл дөрвөн жил дараалан Форбэс сэтгүүлээс гаргадаг дэлхийд нөлөөтэй хүний нэгт жагсаж байна. Энэ хүн бол дэлхийн бодлогод нөлөөлөх хэмжээний удирдагч.

Урьдчилсан санал асуулгаар Путин ганцаараа 71.9 хувийн саналыг авсан. Хэрэв Навальный өрсөлдсөн бол байдал өөр байх болов уу?

Навальный өрсөлдлөө гэхэд Путинийг даваад гарчих өрсөлдөгч яавч байж чадахгүй. Яагаад гэвэл Путинийг дундаас дээш насны, ажилтай боловсролтой хүмүүс дэмждэг бол Навальныйг оюутан залуус дэмжиж байсан. Нийгмийг баруунжсан маягаар өөрчилье гэх шинэлэг зүйлийг хүссэн залуучууд, бүр дунд сургуулийн хүүхдүүд ч Навальныйг дэмждэг. Хэрэв өрсөлдсөн бол номер нэг өрсөлдөгч байх нь үнэн. Гэхдээ эцсийн дүнд Ерөнхийлөгч болж чадахгүй.

Хэрэв Путин ялж чадахгүй бол манай улсад яаж нөлөөлөх вэ?

Путин байгаа учраас Орос Монголын харилцаа явж байна гэх нь өрөөсгөл ойлголт л доо. Путин ялагдсан ч улс хоорондын харилцаа өөрчлөгдөхгүй. Гэхдээ танихгүй газрын бурхнаас, таньдаг газрын чөтгөр дээр гэдэг шиг байх л даа /инээв/.

Тэгвэл ялбал бидэнд ашигтай юу?

Ямартай ч Ши Жиньпин 2023 он, Путин 2024 он хүртэл Ерөнхийлөгч байх нь тодорхой. Тэгэхээр манайх эдийн засгийн хувьд том хоёр гүрнийг ашиглах л хэрэгтэй. Гол нь манай улс өөрсдөө дотоод асуудлаа шийдэж чаддаггүй. Жишээ нь, шүлхий ийм их байхад яагаад ч махаа борлуулж чадахгүй ш дээ. Арьс эсгий тавчикаа нийлүүлье гэхээр тэр том зах зээлийг тасралтгүй хангах хүчин чадал байдаггүй.

Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Мей Оросын тагнуулчдыг хөөсөн, Америк мөн хориг тавьчихлаа. Иймэрхүү таагүй мэдээллүүд нь Путиний рейтингэд сөргөөр нөлөөлөх үү?

Угаасаа Путиний рейтинг сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөлттэй байгаа. Гудамж талбайгаар Путиний зураг, сурталчилгаа байхгүй байна гэдгийг Англи, Америкийн сурвалжлагч нар хэлж байна лээ. Тэгэхээр Путин бол өөрийгөө сурталчлах шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг. Өөртөө их итгэлтэй байна л гэсэн үг.

-Путин бол хатуу чанга, дэг журамтай, шаардлага өндөртэй хүн-

Путин сонгогдоод эрх нь дуусахад 72 настай байх болно. Түүний дараагийн удирдагч хэн байх боломжтой вэ?

Путиний дараагийн хүн сонгогдлоо гэхэд нэр дэвшигчид дундаас биш. Тэд сөрөг хүчин учир Путин залгамж халаагаа өгөхгүй нь тодорхой. Харин түүний дараагийн хүнийг нэрлэсэн жагсаалтууд хэвлэлүүдээр яваад байна лээ. Сергей Дьюмэн гэх хүн нэгдүгээрт нэрлэгдсэн байсан. Энэ хүн олны танил биш ч Путиний бие хамгаалагч байсан хүн.