Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын ерөнхийлөгч Путин, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нартай хоёр талт уулзалт хийлээ.  

Уулзалтын эхэнд Оросын ерөнхийлөгч Путин ХАА, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжсэн байна.

Түүнчлэн ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Путинг 2019 онд Монголд айлчлахыг урилаа.

Харин Хятадаас Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах, Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах, ХАА-н гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэргийг дэмжихийг хүссэн юм.

Хариуд нь Ши Жиньпин худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум долларт хүргэж, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэжээ.

Мөн манай улсын ХАА-н бүтээгдэхүүнийг экспортлох саналыг хүлээн авахаар болсноо мэдэгдлээ.