Бид тоймлоё, Та унш

2020.01.17 Баасан                                -13°C 2,742.38 Идээ, ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 


Медведевийн ЗГ огцорлоо

Оросын ЗГ-г 8 жил тэргүүлсэн ЕС Дмитрий Медведев бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Учир нь, Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн тул гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлэх нь зүйтэй гэж Медведев үзжээ. 

Тэгвэл шинэ ЕС хэн бэ? 

Холбооны татварын албаны дарга Михайл Мишустиныг нэр дэвшүүлсэн. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй ба 2010 онд одоогийн албан тушаалдаа томилогдсон юм. Харин Медведевт Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга гэх шинэ албан тушаалыг Путин санал болгожээ. 

12 жилийн дараах өөрчлөлт 

Оросын Үндсэн хууль 1993 онд батлагдсан ба 2008 онд нэмэлт, өөрчлөлт оржээ. Путин энэ удаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 2 удаагаар хязгаарлах, гадаад иргэншилтэй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх зэрэг санал дэвшүүлээд байна. Гэвч энэ нь дараагийн ерөнхийлөгчийн эрх мэдлийг сулруулах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзсэн юм.


Тэтгэвэрт гараагүй ахмадууд

ҮСХ-ны мэдээлснээр тэтгэвэр тогтоолгоогүй 3119 өндөр настан байна. Энэ нь 2018 оноос 23.7%-р өссөн үзүүлэлт ба 65.3% нь 55-с дээш насны эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд 422 мянга гаруй тэтгэвэр авагч байгаа бөгөөд дундаж тэтгэвэр ₮376.9 мянга байна.


Махны үнэ инфляцид нөлөөлжээ 

Өнгөрсөн онд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.2%-р өсөж, инфляци 7.3%-д хүрчээ. Үүнд үхрийн мах 17.2%, хонины ястай мах 14.3%-р өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ Өмнөговь, Сэлэнгэд хамгийн бага өссөн бол Дорнодод хамгийн их байгаа юм. Энэ 7 хоногт үхрийн ястай мах ₮8500-11800 байна. 


Америк Хятад худалдааны гэрээ хийлээ

Трамп үүнийг Хятадтай хийх ирээдүйн шударга, эрх тэгш худалдааны төлөөх чухал алхам гэжээ. Уг гэрээний дагуу Хятадын ЗГ Америкийн импортыг $200 тэрбумаар нэмж, оюуны өмч, валют, санхүүгийн бодлогоо өөрчлөхөөр болжээ. Хариуд нь Америк Хятадад тавьсан зарим хоригоо цуцлах юм.


Хятадын халдвар Японд 

Ухань хотод гарсан коронавирусээр Японы 30-аад насны эрэгтэй өвчилсөн байна. Тэрээр Уханьд байхдаа халдвар гарсан захаар ороогүй ч өндөр халуурч байжээ. Үүнээс үзэхэд халдвар хүнээс хүнд дамждаг байх магадлалтай гэнэ. Өмнө нь тус захаар үйлчлүүлсэн Тайландын жуулчнаас халдвар илэрсэн нь гадаадад бүртгэгдсэн анхны тохиолдол байжээ.

Таны сонорт


Амралтын өдрүүдэд зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр