Монгол зэс корпорациас Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор үүсээд буй асуудлаар тайлбар хийлээ. Тэд Төрийн өмч бодлого зохицуулалтын газар хандаж, Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчид байгаа гэдгийг нотлохыг хүслээ.

Тус корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ, “Эрдэнэтийн 49 хувийг шилжүүлэх гэж байсан компани миний нэр дээр байгаа. Энэхүү компани руу шилжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрт ашигтай байх байсан. Стандарт банкны хэрэг Арбитрын шүүхээр 2016 онд эцэслэн шийдвэрлэгдсэн учраас одоо албадан шилжүүлэх ажиллагаа явагдана. Энэ нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал шинэ нөхцөл байдал үүсэж, дахиж авч үзэх нөхцөл үүсэх байсан” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр Сингапурт олон улсын томоохон Арбитрын шүүх байршдаг бөгөөд Стандарт банкны асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь 49 хувийг шилжүүлэх байсан гэнэ. Мөн Эрдэнэт үйлдвэрийг шилжүүлсэн гэх Б.Номиндарь нь Монголын зэс компаний ажилтан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан гэж мэдэгдлээ.

Ийнхүү УИХ-ын таван гишүүн Эрдэнэтийн 49 хувьтай гэрээг ил болгосноор Стандарт банканд давуу байдал олгосон гэв.

Сануулбал, Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарсан баримтыг бид өнгөрсөн долоо хоногт ил болгосон юм.

Монголын Зэс Корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапур улс руу шилжүүлэх гэрээг 2019 оны 1 сарын 14-нд хийсэн байна. Монголын Зэсийн зүгээс “уг асуудал нь ор үндэсгүй гүтгэлэг” гэж мэдэгдсэн бол Засгийн газар болоод Эрдэнэт үйлдвэрийн талаас ямар нэг тайлбар хийгээгүй юм.

Хэрэв Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид шилжвэл Монгол улсын засгийн газар, УИХ, хууль хяналтын байгууллагаас ангид болно.