Катар 2022 оны ДАШТ-ыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан Америк, Австралийн эсрэг хар ПР хийлгэхээр Америкийн тагнуулын төв агентлагийн хуучин тагнуулчид болон ПР-ын байгууллага хөлсөлсөн гэж The Sunday Times сонин мэдээлсэн юм.

Харин 2022 оны ДАШТ-ыг зохион байгуулах ажлыг хариуцсан Катарын өв соёлын дээд хороо The Sunday Times сониныг хуурамч мэдээлэл тараасан гэв. Тус хорооны мэдэгдэлд, “Америкийн өмгөөлөгч Майкл Гарсия тэргүүтэй мөрдлөгийн баг 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөө хуйвалдаан зохиосон гэх асуудлаар манай улсын тендерийн багийг шалгасан. Бид 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах тендерт өрсөлдөхдөө Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг чандлан мөрдсөн” гэв.

Брауэн Ллойд Жеймс гэх харилцааны компани 2010 оны тавдугаар сард бусад өрсөлдөгч орнуудыг үймүүлэх нууц ажиллагааны талаар Катарын тендерийн багийн зөвлөхөд цахим шуудан илгээсэн байна.

Тухайн үед Америк, Австрали, Катар гурав ирэх ДАШТ-ийг зохион байгуулах хамгийн өндөр магадлалтай орнууд байжээ. Мөн Өмнөд Солонгос, Япон улсууд өрсөлдөж байсан юм.

CNN сайт Лондон дахь Брауэн Ллойд Жеймс компанитай холбогдсон ч хариулт өгөх боломжгүй гэсэн байна.

The Sunday Times сонины мэдээлснээр ДАШТ-ыг зохион байгуулахад Америкийн эдийн засагт ямар сөрөг үр нөлөө үзүүлэх талаар нийтлэл бичүүлэхээр нэгэн профессорт есөн мянган доллар төлсөн гэжээ.

Гэвч уг нийтлэл олон улсын хэвлэлүүдээс устгагдсан юм. Тендерт өрсөлдөгч орнуудыг тагнах, ард иргэдийг жагсаал цуглаанд уриалахаар сэтгүүлч, блогчдыг хөлсөлсөн гэж тус сонинд мэдээлсэн байна.

Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Хүний эрхийн манаач олон улсын байгууллага Катар дахь цагаачид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа талаар мэдээлсэн нь уг тендерийн асуудлыг улам хурцатгасан юм.

Харин Катарын засгийн газрын харилцааны газрын дарга Шек Сайф Ал Тани энэ талаар хэлэхдээ “Засгийн газар цагаач ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бодлогоо шинэчилж байгаа” гэжээ.

Эх сурвалж: CNN, BBC