Реппер 21 Savage буюу Шаяа Бин Абрахам Жосеф Америкт хууль бусаар оршин сууж байсан хэргээр баривчлагдлаа. Тэрээр 2005 оны долдугаар сард 12 настайдаа Их Британиас Америкт ирсэн бөгөөд дараа жил нь визнийх нь хугацаа дууссан байна.

Америкийн цагаачлалын асуудал хариуцсан газрын мэдээлснээр реппер хууль бусаар оршин сууж байсан ба 2014 онд хар тамхины хэрэгт орооцолдож байсан гэнэ.

Тэрээр бага насаа Атлантад өнгөрөөсөн гэдэг бөгөөд анх найман настай байхдаа буу харсан гэж 2016 онд Фэдер сэтгүүлд ярьжээ. Гэвч энэ нь хаана гэдэг нь тодорхойгүй ба тэрээр мөн 12, 13 настай байхдаа Атланта дахь сургуульдаа буу авч очсоноос болж хөөгдсөн гэжээ. Атланта хот нь Америкийн хип хоп урлагийн гол цөм гэгддэг бөгөөд 21 Savage тус хотоос гарсан шилдэг репперүүдийн нэг юм.

Тэрээр сайн үйлсийн санд хандив өргөж хүүхдүүдэд санхүүгийн мэдлэг олгох аян зохион байгуулдгаараа алдартай бөгөөд хар тамхи, зэвсгээс үүдэлтэй үймээн самууны талаар дуулдаг байна.

Реппер өнгөрсөн 12-р сард  I am > I was гэх хоёр дахь цомгоо гаргасан нь Билбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр уг цомгийнхоо нэг дуунд “Еврейчүүдийн мөнгө” гэж дуулсан нь олны дургуйцлыг хүргэсэн бөгөөд хожим сонсогчдоосоо уучлалт хүссэн байна.

Эх сурвалж: CNN, BBC