Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа рекламны самбаруудыг цэгцлэхийг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон байна.

Энэ хүрээнд нийслэлд байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахаар боллоо.

Тухайлбал, Энхтайвны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай тогтоолыг зөрчсөн тул буулгахаар болжээ.

Зураг: НЗДТГ

Мөн ЧД-ийн 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүссэн тул нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон байна.

Сануулахад, нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 оны байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байгаа юм.

Түүнчлэн хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан шилэн кабелийг цэгцлэх 14 хоногийн аяныг энэ сарын нэгнээс эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд хотын төвийн 49 гудамжаар татагдаад байсан 60718м кабелийг цэгцэлжээ.