Америкийн бизнесийн магнат, 400 гаруй охин компанитай Виржин группийг үндэслэгч Ричард Брэнсон хэрхэн бизнесийн эзэнт гүрэн байгуулснаа Foundr сайтад хуваалцжээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулж хүргэе.

Та хэдий амжилтад хүрсэн ч бусдаас тусламж хүсдэг хэвээрээ юу?

Брэнсон: Би ажилчдаа сонсож тэдэнд итгэдэг. Тэднийг хүндэтгэж үгийг нь сонсдог. Өөрийгөө хэзээ ч тэднээс илүү мэдлэгтэй гэж бодож байгаагүй. Итгэл хүлээлгэж зөвлөгөө авах хүчирхэг менежментийн баг бүрдүүлж чадсандаа өөрийгөө азтайд тооцдог. Надад найз нөхөд, гэр бүл, хамт олноос гадна гайхалтай зөвлөгч нар байсан.

Агаарын тээврийн Лакер компанийг үндэслэгч Фредди Лакер, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела, санваартан Десмонд Туту, дуучин Питер Гэбриэл, Их Британий улс төрч Мо Моулам, нисэхийн инженер Барт Рутан нар надад урам зориг, заавар зөвлөгөө өгдөг байсан.

Алдаа бол амжилтад хүрэх шалгуур гэж ярьдаг. Та алдаанаасаа ямар сургамж авч байсан бэ? Мөн олон бэрхшээл тулгарч буй залуу бизнес эрхлэгчдэд хандан юу гэж хэлэх вэ?

Брэнсон: Надад бусад бизнес эрхлэгчдийн адил олон саад тулгарч байсан. Гэвч энэ нь алдаа дутагдал, бусдын сөрөг хандлагаас болж мөрөөдөл, зорилгоо орхиж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Иймд бэрхшээлтэйгээ нүүр тулж алдсан ч ахин босоод алдаанаасаа суралцан дараагийн давааг давах нь чухал. Манай эмээ “Чи ганц амьдрах учир чадах бүхнээ хий” гэж хэлдэг байсан.

Та хэзээнээс Виржин Галактик сансрын нислэг компанийг байгуулах талаар бодож эхэлсэн бэ? Энэ нь таны агаарын адал явдлын оргил хэсэг байсан уу? Эсвэл Сурагч сэтгүүлийг гаргаж байх үеийн мөрөөдөл байв уу?  

Брэнсон: Би 1969 онд Англи дахь гэртээ эцэг эх, хоёр дүү охины хамт саран дээр газардсан сансрын нисгэгчдийн хар цагаан зургийг үзэж байлаа. Энэ үеэс л хэзээ нэг өдөр тэдэнтэй адил сансарт ниснэ гэж тууштай шийдсэн юм.

Виржин Галактикаас өмнө танай групп өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сайжруулан үйлдвэрлэдэг байсан. Гэтэл Галактик компанийг байгуулснаар шинийг санаачлагч болсон. Сайжруулагчаас санаачлагч болоход бизнест тань өөрчлөлт гарсан уу?

Брэнсон: Үгүй. Үндсэн зарчим нь хэвээрээ байгаа. Хуучнаа сайжруулсан ч, шинийг бүтээсэн ч өрсөлдөгчдөө давж гарах гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлөвлөгөө, брендийг бий болгох хүчирхэг менежмент хэрэгтэй. Үнэтэйгээ дүйцэхүйц чанартай үйлчилгээ үзүүлэх нь нийгэм, дэлхийн ертөнцөд хүлээх манай компанийн үүрэг юм.  

Хэрэв та одоо ямар ч мөнгөгүй гарааны бизнес эхлүүлэх гэж байсан бол хэрхэн ажиллах байсан бэ? Залуу бизнес эрхлэгчдийн хувьд интернет давуу тал болж байгаа юу?

Брэнсон: Амжилттай бизнес эхлүүлэхийн тулд зах зээлээ судалж бүтээгдэхүүн, үйлчилгээ тань өрсөлдөгчдөөс юугаар өөр, хэрэглэгчийн амьдралыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв бүтээгдэхүүн зах зээлийн хэрэгцээг хангаж байвал бизнес амжилтад хүрдэг. Интернет залуу бизнес эрхлэгчдэд асар их мэдээллийн үүр уурхай, шинэ санаа, боломж олгодог.

Та бизнесийнхээ санааг хэзээ олсон бэ? Анхнаасаа амжилтад хүрнэ гэдгээ мэдэж байсан уу, ямар нэг нууц арга байгаа юу? Зорилго, зүрх, тархи, туслах зэргийнхээ алийг нь сонссон бэ??

Брэнсон: Зорилгоо сонссон. Гэхдээ үргэлж судалгаа, мэдээллээр баяжуулж байсан. Эрсдэл гаргахаас айх хэрэггүй, зөн совингоо л дага. Надад олон бэрхшээл тулгарч байсан ч энэ нь намайг илүү хүчирхэг, тууштай болгосон. Би “зоригтой хүн мөнхрөхгүй ч хянуур хүнд амьдрал байхгүй” гэж хэлэх дуртай.

Та бизнес болон хувийн амьдралдаа олон амжилт гаргасан. Гэр бүлээрээ марафонд гүйж, Мон Блан ууланд авирсан гээд адал явдлаар дүүрэн амьдардаг. Хувийн зорилгоо биелүүлэхэд тань онцгой үйл явц бий юу?

Брэнсон: Би тохь тухтай байдлаас салж адал явдал хөөх дуртай. Амьдрал гэдэг нэг зүйлээ давтдаг сургуулилт биш учир адал явдал, сэтгэл хөдлөлөөр чимж өгөх хэрэгтэй. Саяхан Феликс Баумгартнерийн задгай сансраас дэлхийн хамгийн хурдан шүхрээр үсрэлтийг хийсэнд нь их атаархсан. Миний дараагийн адал явдал юу байхыг шийдээгүй ч сансрын талаар бодож байгаа.

Антарктид тивийг нээсэн Сэр Эрнест Шеклтон ‘чухал шийдвэр гаргахын тулд өөрийгөө тусгаарлах ганцаардлын нэг хэлбэр’ гэж тодорхойлсон байдаг. Та үүнийг өөрийн зан ааш, ажилчдын дундах нэр хүндтэйгээ хэрхэн тохируулдаг вэ? Та дарга байхын тулд зугаа цэнгэлээс хойш сууж байв уу?

Брэнсон: Миний бодлоор сайн удирдагч бусдыг сонсож, итгэж, хүндэлдэг байх хэрэгтэй. Ажилчид тань бизнесийн сайн санаа хэлбэл зүгээр л асуулт асуугаад тэмдэглэж авах биш өөрөө хариуцлагыг нь даагаад ажилчиддаа тухайн төслийг удирдах санал тавиад үз. Ингэвэл тэд илүү өөртөө итгэлтэйгээр ажиллаж та ч амарч чадна.

Ирээдүйн манлайлагчид танаас үлгэр дуурайлал авч тэдэнд нөлөөлөх нөлөөлөл тань асар их байх нь дамжиггүй. Тэгвэл та тэднээс юу хүлээж байна, мөн хэрхэн туслах вэ?

Брэнсон: Залуус намайг амжилтын төлөө хичээсэн нэгэн гэдгээр нь үлгэр жишээ аваасай гэж хүсэж байна. Бизнест хүч өгөх хэрэгтэй гэж би боддог. Тиймдээ ч манай Виржин Юнайт компани суурь хөрөнгөгүй компаниудад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн. Зөвлөгөө өгөх нь шинэ бизнесийг дэмжих гол арга.

Манай групп дэлхий даяар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний тулд манай Залуу бизнес эрхлэгчдийн Брэнсон төв нь Ямайк, Өмнөд Африкийн бизнест заавар, зөвлөгөө өгдөг. Мөн Виржин Медиа Пионерс компани бизнес эхлүүлэгчдийг санаагаа солилцох, туршлагатай бизнесменүүдээс зөвлөгөө авах зэрэг боломж олгодог. Үүнээс гадна Их Британийн гарааны бизнест зээл олгож хөл дээр нь босоход тусалдаг.  

Танд өмнө нь гаргасан шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ аль нэгийг нь ахин хийх боломж олдвол алийг нь сонгох вэ? Яагаад?

Брэнсон: Бид олон амжилттай төсөл хэрэгжүүлсэн учир нэгийг нь сонгох хэцүү юм. Групп маань олон эргэлзээ, шүүмжлэлийг үл тоон амжилтад хүрсэн. 1984 онд байгуулсан Винжин Атлантик, 1997 онд үүсгэсэн Винжин Трэйнсийн үед хүмүүс биднийг хэзээ ч амжилт олохгүй гэж байсан ч тэдний буруу гэдгийг нотолж чадсан. Мөрөөдлийнхөө төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хамт олноо харах хамгийн сайхан байсан.

Та дөнгөж бизнесийн гараагаа эхлүүлж байсан бол одоогийн амжилтад хүрсэн Ричард Брэнсоноос юу асуух байсан бэ?

Брэнсон: Бизнесийн салбарт 40 жил ажилласан өөрөөсөө юу гэж асуух байсан бэ гэдэг их хэцүү асуулт байна. Гэхдээ магадгүй “томоохон эрсдэл гаргах нь зүгээр үү” гэж асуух байсан байх.

Бизнесийн санаагаа хөрсөн дээр буулгахын тулд ямар арга хэрэглэсэн бэ?

Брэнсон: Би амжилттай бизнес эхлүүлэхэд чин хүсэл, эрч хүч хэрэгтэй гэж боддог. Олон шинэ бизнес амжилт олдоггүй. Бизнес эрхлэх нь олон цагаар ажиллаж хэцүү шийдвэр гаргахыг шаарддаг. Ийм үед чин хүсэл л таныг урагш хөтөлнө.

Эхлээд бид нийгмийн сүлжээ зэрэг олон сувгийн ашиглан зах зээлээ судалсан. Дараа нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдаас хэрхэн ялгах, хэрэглэгчдийн амьдрал хэрхэн нөлөөлөхийг бодож олсон. Бид хэрэглэгчдийн хүсэлтийг хүндэтгэж хамгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог.

Ажилчид маань бүтээгдэхүүнээ зөвхөн хэрэглэгчдэд биш өөртөө ч зориулдаг. Бид Виржин брендээ тухайн орон нутгийн соёлын онцлогт тохируулан өөрчилдөг ч чанар, үнэ цэнэ, шинэлэг, өрсөлдөхүйц, сонирхолтой байдлаа хадгалж чаддаг.

Эх сурвалж: Foundr