Бид тоймлоё, Та унш

2020.03.31 Мягмар                               3°C  2,775 Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 

Нийслэлийн хэмжээнд хорио цээр дөрөвдүгээр сар дуустал үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон  12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг мэдэгдлээ. Ингэснээр фитнес, саун, бассейн, амралтын газар зэрэг үйлчилгээний газрууд тэр хугацаанд ажиллахгүй. Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох юм.  Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

 

Харшилтай хүмүүс халдвар авах, тараах магадлал өндөр гэв

Улирлын харшилтай хүмүүс “Сovid-19” өвчний халдвар авах болон тараах эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг эрдэмтэд сануулжээ. Харшил судлаачдын үзэж буйгаар амьсгалын замын архаг харшлаас үүссэн үрэвсэл нь хүнийг аливаа вируст мэдрэг болгодог байна.  Үүнээс гадна улирлын харшилтай хүмүүс маш их найтааж, ханиалгадаг нь вирус тараах өндөр эрсдэл дагуулна гэжээ. Мөн харшил болон коронавирусийн зарим шинж тэмдгүүд буюу хамар загатнах, битүүрэх, найтаах, арьс салст загатнах, хоолой аргах, нүд аргах зэрэг шинж тэмдгүүд нь ялгахын аргагүй адилхан байгаа тул халдвар авсан хүмүүс харшил хөдөлчихлөө гэж андууран халдвар тараах тохиолдол байгааг мэргэжилтнүүд санууллаа.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Коронавирусын халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсч байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай”  гэв.


 

Дахиад нэг чухал шийдвэр

“Токио-2021” зуны XXXII олимпийн наадмын нээлтийг ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хийхээр боллоо. Олон улсын олимпийн хороо/ОУОХ/, Япон улсын засгийн газар, “Токио-2020” олимпийн зохион байгуулах хороо болон Токио хотын удирдлагууд гуравдугаар сарын 30-нд хуралдаж энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин Токио-2020 паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд эхлэхээр болж байна.


 

“Rio Tinto” гар ариутгагч үйлдвэрлэж эхлэв

Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт ордог “Rio Tinto” компани гар ариутгагч үйлдвэрлэж эхэлжээ. Канадын баруун өмнөд мужид орших Сорел Траси хот дахь металлургийн цогцолбортоо 300 орчим литр гар ариутгагч гель үйлдвэрлээд байгаа юм байна. Энэ нь зарим уурхайн гаднаас хамааралгүй бие даасан байдлыг нь хангах замаар тухайн орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж байгаа ачааллыг бууруулах зорилготой гэж тус компани мэдээллээ.


  • Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын “Кызыл” нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг өчигдөр нээлээ. Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, “Дэглий цагаан”, “Кызыл” нисэх буудал хооронд шууд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авсан байна.

 

Таны Сонорт 


Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.

Өдрийн тойм Статистик 


 

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр