Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах үүднээс Рио Тинто компанитай таван үндсэн зарчмаар тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Үүний нэг нь татварын маргааны асуудлаар Рио Тинто компаниас 35 сая долларын татварын төлбөр авахаар зарчмын хувьд тохирсон байна. Зарчмын хувьд тохирсон гэж байгаа ч энэ асуудал бүрэн шийдэлд хүрээгүй, мөн татварын акт дээр санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа юм.

Сануулбал, Татварын ерөнхий газраас 2013-2015 онд Рио Тинтотой хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд явуулсан аудитын шалгалтад үндэслэн 25 чиглэлд 150 сая долларын татвар оногдуулсан юм.

Рио Тинто үүнээс 10 сая долларыг нь төлөхийг зөвшөөрсөн ч 21 чиглэлээр оногдуулсан татварыг хууль бус гэж үзснээр анх маргаан үүссэн юм.

Харин одоо 35 сая доллар төлөх тухай яригдаж байгаа ч энэхүү маргаан олон улсын Арбитрын шүүхээр таслагдах нь ойлгомжтой болоод байгааг албаныхан хэлж байна.