Их Британий эрдэмтэд роботод зориулсан хиймэл оюун ухаантай арьс зохион бүтээжээ. Үүний ачаар роботууд хүнтэй адил аливаа зүйлсийг мэдрэх боломжтой юм. Эрдэмтэд уг хиймэл арьсыг бүтээхийн тулд хүнийг судалжээ. 

Хүний арьсанд таван сая мэдрэлийн цэг байдаг ба эдгээр нь тархинд дохио дамжуулдаг байна. Гэхдээ тархи бүх мэдээллийг зэрэг хүлээж авч чаддаггүй учир мэдрэлийн систем мэдэрхүйг эрэмблэдэг юм. Эрдэмтэд хүний биеийн уг үйлдлийг дуурайж хүнтэй ижил хэмжээтэй роботыг мөрнөөс хөлийн хуруу хүртэл нь 13 мянган мэдрэлийн цэгээр бүрсэн байна. Уг цэгүүд нь температур, хурд, даралт зэргийг мэдэгдэх боломжтой юм. 

Гэхдээ мэдрэлийн цэг бүр өндөр өртгөөр хийгдсэн учир өргөн хүрээгээр ашиглахад хүндрэл гарна гэдгийг эрдэмтэд хэлж байв. 

Олон улсын роботын холбооны мэдээлснээр 2017 онд дэлхий даяар үйлдвэрийн 10 мянган ажилтан тус бүрийг 85 роботоор орлуулсан байна. Ингэснээр 2021 он хүртэл үйлдвэрийн роботын тоо жилд 14 хувиар нэмэгдэх төлөвтэй юм. 

Роботууд ийнхүү хүнтэй ойр ажиллахын хэрээр илүү сайн ойлголцох шаардлагатай. Учир нь роботууд хүнийг гэмтээхүйц хүч чадалтай тул орчин тойрон, эд зүйлс, хүмүүстэй ямар хүчээр харилцахыг нь тохируулах ёстой юм. Энэ нь цаашлаад роботуудыг асрагч, эрүүл мэндийн ажилтан, туслахын ажлын байранд ажиллуулах боломжтой байна. 

Эрдэмтэд олон жилийн турш хүн болон роботод зориулсан алсын мэдрэхүйн технологийг боловсруулж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Америкийн эрдэмтэд видео дуудлагад ашиглах боломжтой утас, батарейгүй ухаалаг арьсыг танилцуулсан байна. 

Эх сурвалж: CNN