Ирэх жил болох Токиогийн олимпын тамирчдад амжилт хүссэн мэндчилгээ дамжуулах зорилгоор Mobile Suit Gundam анимегийн роботуудыг сансар луу илгээнэ гэдгийг Японы олимпыг зохион байгуулагчид мэдээлээ.

Уг төслийг Японы сансар судлалын академи, Токиогийн их сургууль хамтран гүйцэтгэж байгаа ба 10 см хэмжээтэй хоёр роботыг 30 см урт, 10 см өргөнтэй бичил хиймэл дагуултай хамт хөөргөх юм.

Мэндчилгээний үг бичигдэх цахилгаан самбар бүхий уг хиймэл дагуулыг ирэх гуравдугаар сард Олон улсын сансрын станц руу илгээх бөгөөд тэндээсээ задгай сансарт гарах гэнэ.

Улмаар хиймэл дагуул дэлхийн тойрог замд орж ирээд самбар дээрх мэндчилгээг гаргах ба роботууд үүний зургийг камераар авах юм байна.

Харин зохион байгуулагчид уг мэндчилгээг олон хэл дээр орчуулж нийгмийн сүлжээ болон бусад хэрэгслээр дамжуулан тамирчдад хүргэх гэнэ.

Эх сурвалж: Kyodo, Popular mechanics