Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд долоо хоног бүр хийж буй ажлынхаа тайланг тавина гэж мэдэгдлээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн ажилтан хийнд хордон нас барж, таван хүн хурц хордлогод орсон нь чанаргүй засвар үйлчилгээтэй холбоотой гэсэн юм.

Хотын даргын мэдээлснээр осол гарсан лаг шахах, сорох хоолойн насосын станцыг 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр засварласан байна. Гэвч ажлыг чанаргүй хийснээс үүдэн хоолой задарч үйлдвэрлэлийн осол гарсан гэлээ.

Үүнээс гадна хотын дарга С.Амарсайхан Хятадын компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл гүтгэлэг гэж мэдэгдсэн юм. Нийслэлийн 50 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлэх асуудал нь Засгийн газрын шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ба дотоодын аж ахуй эрхлэгчид өвлийн хүлэмж эрхэлж, жилийн дөрвөн улиралд иргэдийн хэрэгцээг хангах асуудлыг судлахын тулд Хятадын компаний нэрийг явуулсан гэж С.Амарсайхан хэллээ.

Түүний хэлснээр 50 га газрыг Хятадын компанид олгох шийдвэр гараагүй байгаа ба урьдчилсан судалгааны ажил хийгдэж байгаа гэсэн юм.

“Хотын дарга болсноосоо хойш газар зохион байгуулалт, худалдан авах үйл ажиллагаа, авлига хээл хахууль, үр дүнгүй төсөл хэрэгжүүлж буй байдал, тендерийн наймаа зэрэг хууль бус асуудлыг цэгцлэх чиглэлд ажиллаж байгаа учир энэ мэт худал гүтгэлэг гарч байгаа” гэж С.Амарсайхан хэллээ.  

Тухайлбал, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв гэх 1000 метр газрыг дөрвөн тэрбум 800 сая төгрөгөөр худалдаж авсан нь зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр үнэтэй тул оронд нь 3000 метр талбайтай төв барих санал гаргасан байна. Гэвч төлбөрийнх нь 70 хувь төлөгдсөн байгаа ба үлдсэн төлбөрийг шилжүүлэхгүй гэж мэдэгдлээ.

Сануулбал, хоёрдугаар сарын 28-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хоёр сар гаруйн хугацаанд эзгүй байсан хотын даргын томилгоог хэлэлцэж, С.Амарсайхан 56.8 хувийн саналаар сонгогдсон юм. Ийнхүү тэрээр хотын даргын үүрэгт ажлыг аваад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч үр дүнтэй, бүтээлч ажил хийсэнгүй гэх шүүмжлэл нийгэмд байна.