Лондонгийн олимпын хүрэл, Дэлхийн хошой алт, мөнгөн медалт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг уншигчид андахгүй. Тэрээр өнгөрсөн сарын 20-нд Казакстаны Нурсултан хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Токио-2020 олимпд оролцох эрхээ аваад байгаа юм.

Нурсултаны ДАШТ-ээс ирээд удаагүй байгаа С.Батцэцэгтэй бага насны дурсамж, Токиогийн олимпын бэлтгэл, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцлаа.

ДАШТ-ний богцоо задалж сонин сайхан хуваалцахгүй юу?  

Энэ жилийн ДАШТ-ний хувьд бэлтгэл сургуулилт, тактикаа сайн базаачих юм бол олимп, дэлхийн аварга ойрхон ч юм шиг санагдлаа.

Жил хүрэхгүй хугацааны дараа олимп болох гэж байна. Бэлтгэл сургуулилт, хүлээлт хэр байна вэ? 

Токиогийн олимп миний хувьд гурав дахь олимп болох гэж байна. 2012 оны олимпод медаль авсан. 2016 оны олимпод нэлээн том зорилготой, их юм хүсэж очсон. Гэвч зорилгынхоо хаана ч хүрээгүй. Бүх юм дутуу байгаа юм шиг санагдсан. 2016 оны олимпоос хойш олон юм бодож төлөвлөж явсаар Токиогийн олимпын үзүүр дээр ирчихээд байна. ДАШТ-ээс ирээд удаагүй байгаа болохоор бэлтгэлээ түр хугацаанд завсарлаад байгаа. Гэхдээ нэг их удахгүй бэлтгэл дээ орно. 

Спортод анх хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

2006 оноос Дэмбэрэлийн Дондов гэдэг хүний удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Бөх рүү орох гэж бас хөөрхөн шалгуур давсан. Манай ангийн охин Д.Дондов багшийн бөхийн секцэд явдаг байсан юм. Тэгээд тэрэнтэй нэг өдөр барилдсан чинь би дийлээд. Тэгэхээр нь Д.Дондов багш дээр очоод танай секцэд оръё гээд очсон чинь намайг авахгүй гээд. Тэр үед би сагс, волейбол тоглох гэж оролддог байсан учраас “Чи сагс волейболоо тоглоо чи бөх болж чадахгүй” гэсэн. Тэгээд авахгүй гээд байхаар нь бүр ормоор санагдаад гурван удаа очсны эцэст Д.Дондов багшийнхаа секцэд ороод бөх болсон доо. Би ч ёстой овоо зөрүүд хүн шүү дээ. Санасандаа хүрж байж л салж амарна. 

Хамгийн анхны амжилт юу байв?

Анх аймгийн аваргын тэмцээнд орж, мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин олон улсын тэмцээн гэвэл өсвөрийн азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Д.Дондов багш маань бөхийн спортод их юмны эхлэл болсон хүн. Ер нь намайг ямар нэг тэмцээнд ороход Д.Дондов багш нэг их юм ярьдаггүй, одоогийн З.Дүвчин багш ч гэсэн. Хамаагүй барилдаж болохгүй шүү л гэж хэлдэг. Би заримдаа хамаагүй барилдаж байгаад хожигдчихдог юм.

Яагаад заавал спортыг сонгосон бэ? 

Ер нь бол анхнаасаа барилдах дуртай байсан. Тийм болохоор баяртай гунигтай янз янзын юм тохиолдоход цүнхэндээ хувцсаа хийгээд заал руугаа явж байдаг. Тэнд инээгээд баярлаж байхад тэр дэвжээн дээр бэлтгэл хийж байгаа хүмүүстэй хамт баяр жаргал өнгөрнө. Зовлон, гуниг тохиолдоход бас л найзуудтайгаа, хамт олонтойгоо байж байдаг.

Хэрэв барилдаагүй байсан бол гэж боддог уу?

Бүр жаахан байхдаа ийм тийм болно гэж нэг их бодож байгаагүй ээ. Анх МУБИС-ийн Япон хэлний ангид элсэн орж байсан. Барилдаагүй байсан бол Япон л явах байсан байхдаа. Япон хэлээ сураад, тэр зүгийн л хүн болох байсан байх. 

Шигшээ багийнхан бэлтгэлээс гадуур юу хийдэг вэ?

Шигшээ багт 2009 онд орсон. Шигшээ багийнхан ер нь санаа нийлнэ. Бүгдээрээ нэг зорилгын төлөө явж байгаа болохоор таарахгүй тохирохгүй гэсэн зүйл ховор доо гайгүй. Бэлтгэлээс гадна ширээний теннис тоглоно, хоорондоо юм ярина гээд ер нь юу хийж болох боломжтой бүх юмаа хийгээд, хааяа дүү нарынхаа авьяасыг үзэж, урлагийн үзлэг зохион байгуулна. /инээв/

Та бол сайн тамирчин. Тэгвэл хэр сайн эзэгтэй вэ, хоол хийдэг үү?

Яахав хоол хийнэ л дээ. Ямар ч хоолыг гайгүй хийдэг. Гэхдээ жаахан залхуурна. Би байнга бэлтгэлд гараад бүх юм бэлэн байгаа шүү дээ. Бэлтгэл дээр нэг, хоёрдугаар хоолоо идээд л өөрөө хоол хийхэд оролцдохгүй. Тийм учраас хоол хийхдээ залхуурна. Хийхийн хувьд бол гайгүй хийнэ. Би нэг их хоол голдоггүй, таван цулд дуртай. Бас амттанд их дуртай шүү. Цүнхэнд амттай юм, шоколад байнга байдаг.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Бэлтгэл сургуулилт жигдэрсэн үед тэр өдрийг бэлтгэлдээ д зарцуулдаг. Өглөө 07:00 цагаас гарч хөнгөн өглөөний дасгалаа хийгээд, 10:30 цагаас нэг бэлтгэлээ хийнэ. Тэгээд дундуур нь амарч хоол ундаа идчихээд орой 16:30-аас дахиад бэлтгэлээ хийнэ. Ингээд орой зургаад тарна даа.  Бэлтгэлээс гадна цаг зав гарвал гэрээ цэвэрлээд гэртээ байдаг.

Тамирчин хүний хувьд чөлөөт цаг бага байдаг байх. Та хэр ном уншдаг вэ?

Ном уншинаа. Роман, өгүүлэг их уншдаг байсан. Одоо бол хувь хүний хөгжил талын номнуудыг их уншиж байгаа. Өрсөлдөх чадвар, Бүсгүйн код гэх мэтчилэн тиймэрхүү номыг сонирхож байна. Одоо бол Мишель Обамагийн Миний түүх номыг уншиж байна. 

Багадаа их эршүүд хүүхэд байсан гэж сонссон. Тэр тухайгаа хуваалцаач?

Манай ээж эхээс арвуулаа тэдний зургаа нь эрэгтэй. Тэр зургаан эрэгтэйтэй ноцолдоод л явдаг байсан. Ээжээсээ дооших гурав дахь эрэгтэй дүүтэй нь ноцолдож байгаад өмднийх нь салтааг хүртэл урчихсан. Ноцолдоод л элдэж хөөж гүйгээд явдаг байсан.

Аав ээжийн хувьд хүүхэд нь медаль авах нь чухал ч эрүүл саруул, өвчингүй байх нь илүү байдаг байх. Аав ээжийнхээ тухай яривал?

Манай аав намайг тэмцээнд явах болгонд надад сайн яваад ирээрэй л гэж захидаг байсан, түүнээс хэзээ ч алтан медаль аваад ирээрээ, заавал медаль аваарай гэж хэлдэггүй байсан. Тэр хүнд явчхаад буцаж ирэх нь чухал байсан болохоос ямар медальтай ямар амжилт гаргаад ирэх нь сонин байгаагүй. Манай аав намайг их л эрхлүүлсэн хүн дээ. Хөдөө гэртээ очихоор унтаж байхад өглөө босоод хоол, ундаа хийчихээд орны урд сандал авчирч тавиад аягатай хоол тавьчихаад  “Миний охин босоод хоолоо идчих, аав нь орыг нь хураачихъя” гэдэг хүн байсан. Ээж бол ээж шүү дээ.

Токиогийн олимпын дараах төлөвлөгөө юу байна вэ?

Олимпын дараах төлөвлөгөөг олимпын дараа л болно доо. Цаашид үргэлжлүүлж барилдах эсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Мэдээж эмэгтэй хүн юм чинь хамгийн гол ажил маань хүүхэд гаргах. Тэр бол нэг номерийн төлөвлөгөө гэж хэлж болно.

Зодог тайлсныхаа дараа спортын салбарт ажилланх уу? 

Өөр чиглэлээр л явах байхдаа. Насаараа барилдаад, 10-20 жил энэ спортоор явчихлаа. Тиймээс өөрийгөө өөр зүйлд сорьж үзэхийг хүсэж байна. Магадгүй санхүүгийн чиглэлээр явах байх. Тэгээд дахиад сургууль, соёлоор явна даа.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.