Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж, ажил хаялт зарлаад ес хонож байна. Тэдний тэмцлийг иргэд олон өнгөөр харж, багш нарын ард АН, МАХН байгаа гэх зүйл ч яригдах болсон юм. Харин багш нарын зүгээс эрхийнхээ төлөө тууштай тэмцэж, цалингаа нэмэгдэх хүртэл ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл АН-ын зүгээс багш нарын ард АН бүлэг байхгүй, эрх баригчид өөрсдийн буруугаас үүдсэн нийгмийн бухимдлыг АН-д тохож байна гэдэг байр суурь илэрхийллээ. Улмаар АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр ажил хаяж буй багш нартай уулзахаар болжээ.

Тэрээр “цалин  нэмсэн гээд байгаа найман хувь бол доромжлол. Шууд 50 хувь нэмж чадахгүй юм гэхэд ядаж 20-30 хувь нэмэх хэрэгтэй. Үүнийг үе шаттайгаар нэмэхэд болохгүй зүй байхгүй” гэжээ.

Харин багш нарын цалинг дахин нэмэгдүүлбэл Засгийн газар их хэмжээний өр тавихаас өөр аргагүйд хүрнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн тэрээр У.Хүрэлсүхийн засгийн газар ажлаа авснаасаа хойш 698 тэрбум төгрөгийн өр төлсөн, дахин их хэмжээний өр төлнө гэж өчигдөр мэдэгдсэн юм.

Засгийн газрын төлсөн гэгдээд байгаа өрийг сөрөг хүчин үгүйсгэж, Монгол улсын 27.5 тэрбум долларын өр дарагдаагүй харин улам бүр өсөж байгаа гэсэн юм. Учир нь төлөгдөх ёстой бондын өрийг дахин өндөр хүүтэй бондоор төлж хугацааг түр хойшлуулсан төдий, өр дарсан гэж ард түмний тархийг угааж, шоудахаа Засгийн газар болих хэрэгтэй гэлээ.