УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ өөрөө тарах Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын гишүүд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан авлига албан тушаалын хэрэг, С.Зориг агсны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх мэдээллийг хийлээ.

Мэдээллийнхээ эхэнд Ерөнхийлөгчийн гаргасан саналыг УИХ яаралтай хэлэлцэж, ЖДҮ-н зээл авсан гишүүдтэй холбоотойгоор ёс зүйн дэд хороо яаралтай хуралдах ёстой гэлээ. Мөн С.Зориг агсны хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хааж байгаа гэдгийг дурдлаа.  

Тэрээр “Захиалагчийн нэрийг зарлана, хэргийн материалыг ил болгон гэж УИХ-д гарсан эх баригч нам хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хааж байна гэх тархи угаалтыг хийж байна. Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно” гэж хэллээ.

Тодруулбал, төрийн албан тушаалтны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй байх шийдвэрийг УИХ гаргах бүрэн эрхтэй гэнэ.

Үүнээс гадна ирэх оны төсөвтэй холбоотой ерөнхийлөгчийн шүүмжлэлийг хүлээн авч нээлттэй сонсгол хийх тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Сануулбал, Ерөнхийлөгч 2019 оны төсвийг 15 хувь хэмнэх санал гаргасан юм. Тэрээр нэг гишүүний тойрогтоо зарцуулах хөрөнгийг таван тэрбумаар суулгаж, зураг төсөлгүй 375 барилгад хөрөнгө төсөвлөснийг шүүмжилж хэмнэх тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Гэвч төсвийн хэлэлцүүлгийн шатанд 404 барилга нэмж, нэг гишүүний мөнгийг гурван тэрбумаар нэмэгдүүлэх санал гаргасан учир Ерөнхийлөгч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн өөрөө тарах санал гаргажээ.