Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгааг дурдаад цэвэр усны нөөцөө хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан байна.

Тухайлбал, Америкийн Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилгоор 350 сая долларын гэрээ байгуулсан юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Мөн аравдугаар сард тохиосон усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хурлын үеэр Усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулах асуудлыг судлахаар болсон юм. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ба энэ ажлыг шуурхайлахыг БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатад үүрэг болгожээ.

Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газраас саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ нь төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн усаар хангах зорилготой байна.