Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу долоо, 15 настай хүүхдийн дархлалыг сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

Уг вакциныг бугалганы булчинд тарьдаг бөгөөд нэгдүгээр тунг долоон настай хүүхдэд, хоёрдугаар тунг 15 настай хүүхдэд хийх юм. 

Тарьсны дараа бага зэрэг халуурах, тарьсан газар улайх, хавдах шинж тэмдэг илрэх ба сургууль дээр нь тарих учир эцэг, эхчүүд вакцинд хамрагдсан эсэхийг хүүхдээсээ лавлаж асуухыг НЭМГ-аас анхаарууллаа.

Мөн дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвд хандан, хамруулна.

Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай байдаг. Вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны хүүхэд энддэг гэх тооцоог ДЭМБ-аас гаргажээ.