БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Парис хотод болж буй ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна. Тус уулзалт нь 20 жилийн дараа зохиогдож байгаа ба дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд нар оролцож байгаа юм.

Тэрээр уулзалтаас гадна Францын Лицей Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна. 

Энэ үеэр Лицей Мишле ахлах сургуулийн захирал Бизет Эрик Монгол сурагчдыг суралцахыг урьж, архивт хадгалагдаж буй Монгол төгсөгч Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Л.Намсрай, Б.Аюурзана нарын хувийн хэргийн хуулбарыг сайд Ё.Баатарбилэгт гардуулан өгчээ. Тус сургуульд 1930 оноос хойш Монгол сурагч суралцаагүй бөгөөд дээрх сурагчдыг 1926 онд БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан Парист хүргэж өгсөн байна. 

Үүнээс гадна ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч Шин Цюй нартай уулзжээ. Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулахыг хүссэн байна. 

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монголыг хамруулах хүсэлт тавилаа.