Утаа ихсэхтэй зэрэгцэн МАН-ын сандал суудлын төлөөх зодоон хязгаарыг давж, Монголын төр “Морь унасан толгойгүй хүн” шиг болоод 20 гаруй, хот даргагүй болоод найм хонож байна.

Энэ хугацаанд Улаанбаатарчууд уурын зууханд түгжигдсэн мэт өдөр хоногийг аргацааж, утсан улаан амиа маскаар халхавчилж суугааг саарал ордонд нанчилдах томчуудын хэн нь ч тоох шинжгүй.  

Манай улсад жилд дунджаар 120 хүүхэд, 1200-1300 насанд хүрэгсэд агаарын бохирдлын улмаас өвдөж, амиа алддаг гэдгийг судлаачид тогтоосон. Гэтэл идэр есийн хүйтэн эхлээгүй байхад энэ жилийн утаа гарт баригдах хэмжээнд хүрч хотын төв, 100 айл орчмоор 1700 давж олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 17 дахин ихсэж аюулын харанга дэлдээд байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн жилийн 11, 12 сартай харьцуулбал 3-8 дахин их байгаа юм.

Тодруулбал, 2017 оны 12 сарын 18-нд 100 айл орчмын агаарын бохирдол олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин их байжээ. Мөн онд 254 хүүхэд эхийнхээ хэвлийд амиа алдсаны 201 нь Улаанбаатарт байна. Үрээ алдсан эдгээр хохирогч эмэгтэйчүүдийн нэг нь 23 настай У. (Бүтэн нэрээ гаргахгүй байх шаардлага тавьж бидэнтэй ярилцсан болно)

2017 оны өвөл хүнгүй шахуу хувийн эмнэлгийн коридорт хэвлийгээ гараараа илж, сальфеткаар нулимсаа арчих У гурван сар ч хүрээгүй байхдаа амьгүй болсон ургаа цэвэрлүүлэх гэж байв.

“Жирэмсэн болоод л хөдөө явдаг байж. Хэчнээн их хүлээсэн хүүхэд билээ дээ” гэж ярих тэрээр ургаа амьгүй болсонд утааг буруутгаж байв. Учир нь тэр Улаанбаатарт тэр дундаа хамгийн их утаатай гэгддэг Баянхошуунд амьдардаг.

Угаар дүүрсэн хэвлийдээ бачуурсаар мэндэлсэн хүүхдүүд ч ялгаагүй уушгийг нь нэвтэлж, тархинд нь хүрэх PM2.5 тоосонцортой гашуунаас гашуун утааг эхний бэлгээ болгон эх орноосоо авна.

Алтан нарыг үзэж амжилгүй эхийн хэвлийд амиа алдах үрс, ажил амьдралаа бараадсаар утаанд хордон аажмаар үхэх их хотын иргэдийн тоо энэ жил илүү олон байх магадлал өндөр байна. Гэвч төрийн түшээд сандал суудлын төлөөх тулаан хийж, эрх мэдэл албан тушаалтайгаа зууралдах цаг минут тутамд Монгол уушги бөглөрч, үхлийн хавцал руу шахагдсаар байгааг ойлгодог ч болоосой. SOS…