Ойрын өдрүүдэд сэрүүсэж байгаатай холбоотойгоор гэр хорооллын өрхийн галлагаа эхлээд байгаа юм. Улмаар “Шахмал түлш илчгүй, үнс ихтэй байна” гэх шүүмжлэлийг иргэд сошиалд орчинд илэрхийлээд байна. 

Тэгвэл сошиалаар тарааж буй дээрх мэдээлэл худал гэж Тавантолгой түлш компаниас мэдэгдлээ. Тус компаний үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндоржийн мэдээлснээр “Туршилтаар сайжруулсан шахмал түлшний илчлэг түүхий нүүрснээс хоёр дахин их гарсан” гэлээ. 

Иймд шахмал түлш илчгүй гэх худал мэдээллийг сошиал орчинд тараасан хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм. 

Гэвч иргэдийн зүгээс шахмал түлш гэр, жижиг хэмжээтэй байшинг халааж байгаа ч том байшинг халааж дийлэхгүй байна гэх гомдлыг хэлсээр байна. Мөн түгээлт маш муу байгааг шүүмжилсээр байгаа юм. 

Өвөлдөө гамшгийн хэмжээнд хүрдэг агаарын бохирдлыг бууруулах үүднээс Засгийн газар нийслэлд нүүрс түлэхийг хориглож, 220 мянган гэр хорооллын өрхийг 600 мянган тонн шахмал түлшээр хангахаар шийдвэрлэсэн байдаг. 

Гэтэл өвөл хаяанд ирсэн энэ үед Тавантолгой түлш компани нь ердөө 200 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байгаа юм. Хэдийгээр шахмал түлш хэрэглэснээр энэ өвөл нийслэлийн утаа 50 хувиар буурна гэж байгаа ч хэрэглээнд нэвтрүүлж буй түлш нь иргэдийн таалалд нийцэхгүй байгааг хэлсээр байна.