Засгийн газраас өнгөрсөн онд нийслэлд ахуйн зориулалтаар Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргаж, өнгөрсөн сарын 15-аас хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү тогтоолоор нийслэлийн зарим дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-ээс бусад нь түүхий нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэхээр болсон юм.

Энэ хүрээнд ЭХЯ-ны сайдын тушаалаар Стандар, Хэмжил зүйн газраас сайжруулсан түлшний стандартыг шинэчлэх ажлын хэсгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулжээ.

Сайжруулсан түлшний стандарт 2014 онд шинэчлэн батлагдсанаас хойш техникийн шаардлага стандартад үзлэг хийн, зохих стандартчиллыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Шинэчилсэн стандарт нь өнөөгийн шахмал түлш үйлдвэрлэлийн технологийн ололт, туршилтын үр дүнг тооцоолон тогтоосон техникийн шаардлагыг дээшлүүлсэн бөгөөд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар хүртээмжтэй болсон гэдгийг албаныхан хэллээ.

Мөн экологи, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зохих түвшинд бууруулна хэмээн эрдэмтэн, судлаачид тооцоолжээ.

Уг стандартын дагуу үйлдвэрлэсэн сайжруулсан түлш нь агаарт ялгаруулах утааны хор бохирдлын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон байна.