Сүүлийн өдрүүдэд утаа нүдэнд харагдахуйц ихэссэн нь салхигүй хүйтэрснээс гадна машинаас ялгарах хорт утаа, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 ААН-тэй холбоотой гэж Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ. 

Нүдэнд харагдах утаа ихэссэн ч PM2.5 болон PM10 тоосонцор, азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс харьцангуй бага байгаа гэнэ. 

Уг нь нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 ААН утааны шүүлтүүр ашиглах ёстой ч цахилгаанаа хэмнэх үүднээс ажиллуулахгүй, зарим нь ажилладаггүй шүүлтүүр суурилуулсан гэж НМХГ-аас мэдэгдсэн юм. Тиймээс долоо хоногт багтан шүүлтүүр хийхгүй бол гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэлээ. 

Яг одоогийн байдлаар Амгалан, Баянхошуу, Толгойт, 100 айл орчимд агаар бага бохирдолтой бусад газраар хэвийн байна. 

PM2.5 тоосонцор нь гэр хорооллын зуух, салхинаас үүдэн боссон тоос шороо, үнс, замын тоос, цахилгаан станц, тээврийн хэрэгслийн утаанаас ялгардаг юм. Энэ нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын шалтгаан болдог ба амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй байна. 

Харин хүхрийн давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээнэ.